Би ганц л удаа “Болор цом”-д зориулж шүлэг бичиж байсан
Манай энэ удаагийн амралтын буланд 2011 оны Болор цомын эзэн яруу найрагч До.Болдхуяг уригдан оролцлоо. До. Болдхуяг 2000 онд “Миний жаахан Амбуунаа”, 2005 онд “Чинад нууцхан сэтгэл”, 2007 онд “Эсэруагийн охины хоолойн чимэг”, 2009 онд “Хундага сарны онгод”, 2011 онд “Мянган оны хойно” зэрэг шүлгийн түүвэр хэвлүүлж уншигчдын гар дээр тавьсан юм.
Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргье. Холоос ирсэн хүнээс шинэ сонин юм дуулах хэрэгтэй гэдэг дээ. Та Өвөр Монголд суралцаж байгаад амралтаараа ирчихээд байгаа гэсэн.
- Би Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуульд археологийн чиглэлээр докторантурт суралцаж байгаа. Хажуугаар нь кирилл үсгээр хэвлэгдэж Монгол улсад тархдаг “Солонго” сэтгүүлд редактор, Өвөр Монголын Монгол Одон Телевизийн Солонго дэлгэцийн “Номд мөргөмү” буланг хөтөлдөг юм. Үүгээрээ Улаанбаатар, Хөх хотод шинээр хэвлэгдэн гарсан номыг үзэгчдэд танилцуулдаг. Одоо өвлийн амралтаараа монголдоо шинэлэх гээд л ирчихсэн байж байна даа. Шинийн 2,3-аас буцах санаатай.
Хамгийн сүүлд ямар ном гаргасан бэ? Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач.
- 1 дүгээр сарын эхээр би Бээжинд очиж Өвөр Монголын нэрт яруу найрагч Шарайд Дүүрэнжаргалтай хамтран Өвөр Монголын шилдэг яруу найргийг эмхэтгэж байгаад ирлээ. Антологи маань энэ ондоо багтаж гарах байх. Би өмнө нь Өвөр Монголын яруу найргаас Э.Болдын “Хөх нулимстай тэнгэр”, Т.Энххадын “Олон булгийн цуваа”, Т.Галбаатарын “Нэг л өдөр бурхан өгүүлрүүн”, Ц.Цолмонгийн “Цэцгийн салхи” , Ё.Эрдэнэтогтохын “Дөмөн”, П.Санаагаравын “Орчлонгийн ёс” М.Оюунгоогийн “Баргажин” зэрэг зэрэг номыг кирилл монгол бичигт хөрвүүлж Улаанбаатар хотноо хэвлүүлж, тархаасан.
Хэдийгээр миний Өвөр Монголыг зорьсон гол зорилго мэргэжлээрээ эрдмийн ажил бичиж хамгаалах явдал боловч яалт ч үгүй уран зохиолд дуртайн, яруу найрагт хайртайн эрхээр Алаг махны тасархай Алтан ясны хэлтэрхий болсон өвөрлөгчдийнхөө уран зохиолыг ойлгохсон, ойлгосноо бусадтай хуваалцахсан гэсэн чин эрмэлзлэлээр эдгээр номыг гаргасан. Өвөр Монголд зохиолч, яруу найрагчидтай нөхөрлөөд явж байхад манайхан Өвөр Монголын яруу найргийг сайн мэддэггүй юм байна, сайн сайн яруу найрагч, зохиолчид байдаг юм байна гэдгийг илүү сайн ойлгож, мэдэрсэн. Нийт Монгол үндэстний уран зохиолыг хэрвээ далайтай зүйрлэх юм бол тэр далайд цутгаж байгаа нэгэн том цутгал, мөрөн гол нь Өвөрмонголын уран зохиол, яруу найраг байсаар ирсэн, байх ч болно.
Тиймдээ ч Өвөр Монголын шилдэг яруу найргийг эмхэтгэж антологи гаргахаар болсон. Жишээ нь Г.Аюурзана бол утга зохиолын өндөр боловсролтой хүн учраас номондоо “Монголын сонгомол яруу найраг” гэсэн нэрийг өгөх зэргийн зориг бол тэр хүнд бий. Харин миний хувьд бол би мэргэжлийн уран зохиолын шүүмжлэгч биш. Зүгээр л өөрийнхөө мэдрэмж, дур сонирхлоороо эмхэтгэсэн номондоо “Миний дуртай шүлгүүд” гэсэн нэр өгөх санаа байгаа. Нийтдээ 100 гаруй зохиогчийн нэрс гаргачихаад байна. Ямар ч байсан овоо жинтэйхэн юм болох байх гэж бодож байгаа. Энэ нь хоёр орны ард түмний соёлын харилцаа, тэр дундаа уран зохиол яруу найргаар бие биенээ ойлгоход өчүүхэн ч гэсэн тус нэмэр болох байх гэж итгэж байна.
Өнгөрсөн жилийн “Болор цом” Архангай аймагт болсон. Ээж тань Архангай аймгийн хүн байхаа. Таны олон шүлэг мөн энэ аймагт байхад тань төрөн гарч байсан гэсэн. Тэгэхээр та Архангай аймагтай ямар нэг сэжмээр холбоотой байх нь ээ?
- Яахав манай ээж Архангай аймагт төрсөн хүн л дээ. Гэхдээ аль багаасаа Архангай аймгаас гараад явчихсан. Би өөрөө Улаанбаатар хотод төрж, гурав дөрөвдүгээр хороололд төрсөн. Хэрвээ аль нэг аймгаар овоглох ёстой бол би аавынхаа талаар Завханаар овоглох ёстой. Тийм ч учраас зохиолчдын дунд Завхан аймгийн Алдархаан сумын Богдын голын уугуул гэж явдаг хүн.
Манай зохиолчдын дундаас намайг хэн нь ч ээж нь Архангай аймгийн хүн гэж мэдэхгүй. Намайг “Болор цом” авсны дараа тайзан дээр үг хэл гэхээр нь “Би Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Завханых, ээж минь Архангайн хүн” гэж өөрийгөө танилцуулсныг зарим сэтгүүлчид мушгиж Болор цомын эхний гурван байрыг Архангайнхан авсан гэж хэл ам гаргасан юм. Миний ээжийг Архангайн хүн гэж үзэгчид, шүүгчид, зохиолч яруу найрагчдын аль аль нь огт мэдэхгүй байсан.
Таныг Болор цом дээр уламжлалт ахуйн шүлэг уншлаа гэж бас зарим хүмүүс шүүмжилж байсан. Магадгүй нэг талаараа энэ нь зарим яруу найрагчид “Болор цом”-д, “Болор цом”-ын шүүгчдэд зориулж шүлэг бичсэнээ уншлаа гэж үзээд байх шиг байдаг юм?
- Би өөрөө “Болор цом”-д их цөөхөн орсон л доо. Тэр “Болор цом”-д зориулж шүлэг бичдэг, яадаг ийдэг нарийн учрыг сайн мэдэхгүй. Ойрын хэдэн жил шүлгээ өгч байсан ч тэнцэж байгаагүй. Би нэг л удаа “Болор цом”-д зориулж шүлэг бичсэн. Тэр нь 2000 оны “Болор цом”. Тэр жил бүх оролцогсдыг эхний даваанд “Зүүд”-ний тухай, хоёрын даваанд “Чөлөөт сэдэв”, гурав дахь даваанд “Эх орон”-ы тухай, дөрвийн даваанд “Нууцхан сэтгэл”-ийн тухай шүлэг бэлдэж уншуулах өвөрмөц шийдвэр гарсан юм.
Би “Зүүд”-ний тухай шүлгээрээ нэг давж шилдэг арван зургаад үлдэж байлаа. Түүнээс биш “Болор цом”, ер нь аливаа наадамд зориулж шүлэг бичдэггүй, харин өөрийн нэгэнт бичсэн шүлгээсээ сонгож уншдаг. Монгол хэл шүлэгт уламжлалт шинж байж мэдэх боловч ахуйн шүлэг гэдэгтэй би санал нийлэхгүй. Ер нь уламжлал шинэчлэлийн залгамж холбоо болсон шүлэг бичнэ, уншина гэдэг гэмт хэрэг биш, болохгүй зүйл огтхон ч байхгүй гэж санадаг.
Яруу найргийн бүлгэмүүд манай утга зохиолын аль ч цаг үед байсан. Сүүлийн үед ч гэсэн яруу найргийн бүлгэмүүд төрж байна. Таны хувьд ч гэсэн Өвөр Монголдоо үзэл бодол, хүсэл зориг нэгтэй залуусаас бүрдсэн яруу найргийн бүлгэмийн гишүүн гэж дуулсан?
- Би саяхан интернэтээс нэг юм уншсан юм. Түүн дээр “Ийнхүү Болор цом-ыг 90 оны мөнгөн үеийнхэн ч авсангүй. Шинэ үеийн шинэ мянганы залуус ч авсангүй. Саармаг үеийнхэн авчихлаа” гэж бичсэн байсан. Би оюутан байхдаа сургуулийнхаа “Шинэ мянганыхан” хэмээх утга зохиолын дугуйланд явдаг байсан юм. Одоо бол П.Батхуягийн шавь нар өөрсдийгөө “Шинэ мянганыхан” гэж нэрлээд байгаа юм билээ. Уг нь тэднийг 2010-аад оныхон гэвэл үнэнд ойртоно. Би энэ нэр томъёог булаалдаад байгаа юм ч биш л дээ.
Гэхдээ манай үеийнхэн 2000-аад оны үеийн оюутан болж Улаанбаатар хотноо цуглан мянган солигдох үед уран зохиол, яруу найргийн амьдралд хүч түрэн орж, өөр өөрийн өвөрмөц дуу хоолойгоо хадааж байсан юм. Манай үеийнхэн гэвэл Л.Ганзул, П.Нямлхагва, Н.Баянмөнх, Ж.Мөнхбат, Б.Хасар, Ш.Лхамноржмаа, Б.Занданхүү, Ш.Анхтуяа, Болорцэрэн гээд олон хүн байна. Тэр үед манай дугуйланг “Шинэ мянганыхан” гэдэг байлаа. Энэ нэр томъёог анх санаачилсан хүн бол өнөөгийн Нацагдоржийн шагналт зохиолч, Мөнгөн цомын эзэн яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва юм. Нямка маань хөдөө тэмээчин байхдаа 2000-аад оны яруу найрагчдыг “Шинэ мянганыхан” гэж нэрлэх юмсан, би тэдний нэг гол төлөөлөгч болох юмсан мөрөөдөж явсан гэдэг. Одоо аль аль нь биеллээ олчихоод байна.
Үнэхээр л бид мянган солигдох үед шүлгээ бичиж, анхны номоо хэвлүүлж, яруу найргийн наадамд оролцож, сонин хэвлэлээр шилдэг шүлгүүдээ нийтэлж байсан юм. Одоо бол би Хөх хотод сурч, амьдарч байна. Тэнд Монцамэ-гийн Б.Занданхүү гэж манай үеийн гайхалтай яруу найрагч бүсгүй бий, шүлгийн нэг, өгүүллэгийн нэг түүвэр хэвлүүлсэн Үржинханд, мөн шүлэг, өгүүллэгийн номоо гаргасан Алтанхундага, сагасан их авъяастай, шүлгийн түүвэр хэвлүүлсэн дүү Ш.Цэрэнпил, өвөрмөц сэтгэлгээний шүлэг бичдэг, мөн л яруу найргийн номоо гаргасан Батсайхан гэх зэрэг юм бичдэг, уран зохиолд хайртай арав гаруй залуу Өвөр Монголд суралцаж байна. Бид “Хөх гудамныхан” нэртэй бүлгэм байгуулсан. Ялгаа байхгүй нутгаасаа хол байгаа улс, уран зохиолыг шинэчилнэ барина гэсэн зорилгоггүй, нэгнийгээ дэмжиж, үзэл бодлоо хуваалцаж гол нь сайн уран бүтээлчид болохын төлөө л нэгдсэн залуус. Удахгүй “Хөх гудамныхан” нэртэй шилдэг өрүүллэг, шүлгийн түүвэр хэвлэгдэнэ.
Зарим яруу найрагчид өөрийгөө “Би уламжлалт ахуйн шүлэг л бичдэг”. Зарим нь болохоор “Би бол сэтгэлгээний л шүлэг бичдэг” гэх зэргээр баригдмал гэх үү, аль нэг хэсэгт өөрийгөө хамруулж ойлгодог. Магадгүй бүр тодотгол нь болчихсон байдаг. Гэтэл яруу найрагч хүнд тухайн цаг үеийн онгод, сэрэл мэдрэмж нь ямар ч байдлаар орж түүнийгээ ямар ч байдлаар илэрхийлэх боломжтой биш үү?
- Би өөрөө бол реалист маягийн шүлэг бичдэг. Манай багш ч гэсэн реализмыг тууштай дэмждэг хүн. Гэхдээ миний бодлоор Г.Аюурзана, П.Батхуяг зэрэг хүмүүс дэмий юм яриагүй шиг, үнэн үг хэлээд байх шиг санагддаг. Би ч өөрийгөө эвдэж хүнд их юм бодогдуулсан сэтгэлгээний шүлэг бичихийг хичээдэг болсон. Гэвч зарим найрагчийн номонд байдаг шиг шүлгүүдийнхээ өмнө “Пост панк шүлэг”, “экзистенциалист шүлэг” гэх мэтийн тодотгол бичсэн нь хачин санагддаг.
Энэ бол зөв арга зам биш байх. Ухаандаа за би нэг шидэт реалист юм уу, пост модернист шүлэг бичье гээд суугаад бичдэггүй байх. Яруу найрагч хүн сэрэл мэдрэмж юуг шивнэж байна тэрийгээ л бичиж, түүнийг нь судлаачид хожим “энэ нь натуралист, тэр нь реалист бүтээл юм” хэмээн ангилж үзэх ёстой гэж боддог. Зарим хүмүүс “Намайг хүмүүс ойлгохгүй ээ. Миний бичсэн юмыг 100 жилийн дараа ойлгоно” гээд хүмүүс битгий хэл өөрөө ч ойлгохгүй юм биччихсэн л байдаг.
Би нэг томоохон урлаг судлаачтай уулзаад ярилцаж байхад ийм ойлгомжгүй зүйл хийдэг урлагийн луйварчид ганц уран зохиол, яруу найрагт бус уран зураг, хөгжим гээд урлагийн бүхий л салбарт байдаг гэнэлээ. Хэний ч ойлгохгүй, өөрөө ч ойлгохгүй зүйлийг бүтээчихээд түүнийгээ урлаг гэж яриад бусдыг, өөрийгөө хуурч мэхлэнэ гэдэг нэг ёсны луйвар шүү дээ. Миний хувьд В.Инжинашийн хэлсэнчлэн хүний сэтгэлийг хөдөлгөж, өвөрмөц мэдрэмж, таашаал төрүүлсэн, хүнд юм бодогдуулах бүтээл хийхийг л эрмэлздэг.
Та ямар дуунд дуртай вэ? Сүүлийн үед ямар дуу их сонсож байна.
- Би чинь дуу хөгжим талдаа их маруухан хүн, ардын дуу, уртын дуугаа сонсох л дуртай даа. Гэхдээ би хотын хүүхэд болохоор орцонд гитар дарж өссөн. Тэр үеийнхээ дуунууд, эстрадын урлагт бас дуртай.
Яагаад дуу хөгжимтэй холбоотой асуулт тавьсан гэхээр би таныг дууны үг бичиж байсан уу гэж л асуух гээд байна л даа?
- Намсрайноровын “Зул цэцэг”, Хурд хамтлагийн “Хайрын салхи”, Voice хамтлагийн “Voice of Mongolia”, Өвөр Монголын Нот-Зам хамтлагийн “Амсаагүй жаргал” гээд цөөн хэдэн дуутай. “Насны намар”, “Намрын дурсамж”, “Сүүдэр цармын цэцэг” шиг түмний сэтгэлд хоногшсон ганц сайхан дуутай болохыг мөрөөддөг шүү. Манай зарим эстрадын дууны яруу найраг их өрөвдөлтэй санагддаг. Яваандаа эстрадын дууны үг рүү орох санаа бий.
Үргэлжилсэн үг рүү хэр орж байна? Өгүүллэг ч юмуу тууж, роман бичих санаа бий юу?
- Байлгүй яахав. Би ирээдүйд үргэлжилсэн үг рүү заавал орно гэж боддог байсан, одоо өгүүллэгүүд бичиж байгаа. Өөрөө орохоосоо гадна найз нөхдийгөө, залуу үеийнхнийг үргэлжилсэн үг рүү ороосой гэж уриалмаар санагддаг. Яагаад гэвэл энэ нь монгол нүүдэлчдийн яруу сэтгэлгээний онцлогийг дэлхийд таниулахад өгүүллэг илүү дөхөм байхгүй юу.
Нөгөөтэйгүүр өнөөгийн хүмүүс шүлэг яруу найргаас илүү богино өгүүллэг уншдаг. Би одоогоор тав зургаан өгүүллэг бичээд байгаа, үргэлжилсэн үгийн хувьд эхлэн бичигч. Хүн 35 хүрч ухааны бяр сууж байж үргэлжилсэн үг рүү орох нь зүйтэй гэж сонсож байсан юм байна. Энэ нь мэдээж хууль биш, заавал тэгэх ч албатай биш.
Гэхдээ энэ үгэнд үнэний хувь бий. Өмнө нь би нэг роман маягийн юм бичиж эхлээд, инернэтээр цувралаар тавьж байсан. Тэгээд төгсгөж чадалгүй орхисон. Учир нь богино өгүүллэг сайн бичиж сураад, дараа нь томоохон хэмжээний зохиол руу орох нь зүйтэй гэдгийг ойлгосон юм.
Яруу найрагчийн онгод хөглөгдөх хором мөч гэж байдаг. Таны хувьд ямар үед үзгээ шүүрч авмаар санагддаг вэ? Ямар үед таны сэрэл мэдрэмж, онгод илүү хөглөгдөх үү?
- Би саяхан өөрийгөө ямар үед илүү шүлэг бичээд байгаагаа нээж олсон. Хүн байгальд, нам гүмд олон цагаар ганцаараа байхаар энэ их хотын үймээнээс холдож өөрийнхөө оюун бодлыг цэгцэлж чаддаг юм билээ. Ер нь тэгээд юм бичдэг ч юмуу, урлагийн мэдрэмжтэй хүн бол олон цагаар ганцаараа байхаар маш их төвлөрч чаддаг юм шиг санагдсан. Сая би Бээжинд байхад хамтарч юм бичиж байгаа дүү маань өдөртөө ажилдаа явчихна. Би өдөртөө ганцаараа ном уншаад, юмаа хийгээд үлдэнэ.
Тэгээд ганцаараа байхдаа хүн өөрийгөө маш сайн цэгцэлж их олон шинэ зүйл төрдөг юм шиг санагдсан. Өмнө нь Архангай аймагт хамаатныхаа ахынд очиж байхдаа их олон шүлэг бичсэн юм. Амралтаараа очиж хонь хариулдаг байлаа. Тэгээд өдрийн ихэнхи цагийг хонь даган ганцаараа өнгөрүүлж байхад их олон зүйл орж ирнэ. Би ер нь бол өөрөө байнга шүлэг бичдэггүй. Өдөр болгон шүлэг бичдэг хүнийг шүлэгч гэхэд би эргэлздаг. Заримдаа бол би хэдэн сар, жилээр ч шүлэг бичдэггүй. Харин заримдаа нэг бичихээрээ өдөрт хоёр гурван шүлэг, долоо хоног сараар бүтэн ном биччихдэг үе ч бий.
Би яг тэр ахындаа байх үедээ “Эсэруагийн охины хоолойн чимэг” номоо сарын дотор бичиж байсан юм. Аль болох л энэ шуугианаас ангид сайхан байгальтай газар, ганцаараа байх үедээ илүү бичдэг юм болов уу. Мөн онгод орох мөчийн тал хувийг нь сэтгэл хөдлөл эзэлдэг гэж боддог. Миний сэтгэл юуг хараад хөдөлдөг вэ гэхээр сайхан байгаль, сайхан бүсгүй, цэлмэг тэнгэрийн одод харах, сайхан хөгжим, сайхан дуу сонсоход сэтгэл илүү их хөдөлдөг. Бас сайхан шүлэг уншаад сэтгэл хөдөлдөг. Ийм л үед онгод минь ордог шиг санагддаг.
Зарим хүмүүс архи уугаад онгод ордог гэж ярьдаг юм. Миний хувьд хааяа хүртчихдэг л байсан. Гэхдээ тийм үед шүлэг бичээд онгод орж байсныг сайн мэдэхгүй юм. Яаж ч бодсон сайн сайхан зүйл, яруу найргийн нарийн сэрэл мэдрэмж архи уусан, оюун санаа нь мансуурсан үед яаж улам илүү хөглөгдөх вэ дээ. Тэгэхээр надад тэр архи уусан үед онгод нь ордог, бичдэг гэдэг үнэмшилгүй, худлаа санагддаг. Яруу найрагч гэхээр л архи уудаг гэсэн ойлголтыг манайхан өөрсдөө төрүүлсэн. Хүмүүс ч тэгж ойлгодог болсон. Гэхдээ энэ бүхэн бидний дараагийн үед өөр болох биз ээ.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсан таньд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань гэрэл гэгээт бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа
Ярилцсан Ц.Тамир